УЛААНБААТАР ХОТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5-Р ХОРОО ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ, ТЭНГИС КИНО ТЕАТРЫН АР ТАЛД
+976 89068898, 91948898,  INFO@MLSRI.EDU.MN

Удирдлагын мэндчилгээ

Манай сургууль 1993 онд байгуулагдсанаас хойш 25дэх хичээлийн жилтэйгээ золгож байна. Тус сургууль нь Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт явуулж, судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдагаараа Монголдоо ганц дээд сургууль юм. Тиймээс нийгмийн түншлэлийн гурван талын байгууллагууд / Засгийн газрын харъяа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам газар, хэлтэс, Монголын ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо/-д манай төгсөгчид ажиллаж байна.
Сургуулийн үүсгэн байгуулагч нь МҮЭХ учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх нэр хүндтэй үүргээ чанартай биелүүлэн, үе үеийн залгамж халааг чадварлаг мэргэжлийн боловсон хүчнээр хангасаар ирлээ. Төгсөгчид нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон түүний төв орон нутгийн салбар нэгжүүдэд ажиллах ажлын байр нээлттэй байдгаараа онцлог сургууль юм.
Манай сургууль ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Өвөр Монголын Ажилчны ерөнхий эвлэлийн Кадрын сургууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Олон улсын ажилчдын боловсролын байгууллага, Сингапурын Хөдөлмөрийн институт, Белоруссын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Вьетнамын Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургууль, Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн холбооны их сургууль зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, амжилттай суралцаж байгаа оюутнуудыг туршлага судлуулах, суралцуулах ажлыг зохион байгуулж байна.
Монгол улсын Дээд боловсролын стандартын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шалгуурыг ханган, хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн, Чанарын менежментийн тогтолцоо нь ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартын, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо нь ISO 21001:2018 стандартын шаардлагыг тус тус хангасан төдийгүй Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гэх тодотголтой тус сургууль нь, чин хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө зорих залуус та бүхний өмнө эрдмийн өргөөний гэгээн үүд хаалга үргэлж нээлттэй.


ИРЭЭДҮЙН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ЭХ ОРОНЧ
ЗАЛУУСЫН ЭРДМИЙН ЗАМ ОЮУНЛАГ БАЙХ БОЛТУГАЙ.
ЗАХИРАЛ, ДЭД ПРОФЕССОР Г.БАЯРМАА

Share :